HRM / ХНМ
Танай байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд хэр их сайн дурын ажил зохион байгуулдаг вэ?
Байнга | Тогтмол | Төвлөгөөг хөтөлбөртэй
27.27%
Заримдаа | Завтай болон боломжтой үедээ л
31.65%
Хичээдэг | Харамсалтай манайд ийм хөтөлбөр байхгүй
27.95%
Үгүй | Заавал ийм хөтөлбөр байх шаардлаггүй
13.13%
HRM - Компанийн засаглал
- 2013 / 04 / 27
КОМПАНИЙН СТРАТЕГИ, ЗАСАГЛАЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ШҮТЭЛЦЭЭ
Д.Батжаргал (Доктор, профессор  Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн ТУЗ-ийн дарга): Монгол оронд менежментийн орчин үеийн сэтгэлгээ төлөвших үйл явцад ерөнхийлсөн дүн шинжилгээ хийж, байгууллагын менежментийн чадамжийг 
тодорхойлогч зангилаа асуудалд та бүгдийн анхаарлыг хандуулахыг хүсэж байна. Бидний амьдарч буй өнөөгийн ертөнцийг ерөнхийд нь хөгжил дэвшил хурдасч  байна гэсэн нэгэн онцлог шинжээр тодорхойлж болно. Тийм учраас бизнесийн байгууллагын менежментийн чадамж ямар байх нь хөгжлийн энэ хурдцыг ойлгож, мэдэрч, бизнестэйгээ холбон харж, ухаарах явдалаас шууд хамаарна. 

Өнөөгийн Монгол орны маань эдийн засгийн үзүүлэлт  өндөр байгаа нь сайшаалтай.  Гэвч эдийн засаг нь ийм өндөр үзүүлэлттэй гараад байгаа мөртлөө яагаад хүн ардын олонхийнх нь амьжиргаа дээшлэхгүй ажилгүйдэл,  ядуурал ихдээд байна вэ. Үүний цаад учир шалтгаан чухам юу байна? Эдийн засаг маань үнэхээр өсөөд томроод байна уу эсвэл өөр юм болоод байна уу?

Бизнес гэдгийг хүмүүсийн амьдрах арга зам, өөрийгөө илэрхийлж сөрөх, амьдралынхаа утга учир гэж ойлгон эрхэлж буй ажил нь юм гэж үзье. Тэгвэл энэ бүх бизнес эрхлэгчдийн, пүүс компаниудын ажил хөдөлмөрөөр л бодит эдийн засаг бүрэлдэн бий болно.
Тэгэхээр үнэн хэрэгтээ бодит эдийн засаг биш вертуэль эдийн засаг өсч байх магадлалтай.

Виртуель эдийн засаг гэдэг маань юу гэсэн үг вэ?
Монгол хэлнээ хөрвүүлбэл “Зохиомол”, “Хоосон”, “Хөөсөн” гэсэн үг. Утгачилбал “Санхүүгийн үйл ажиллагааны үр дүнд зохиомлоор бий болсон эдийн засгийн баялгын урсгал эргэлт” Өөрөөр хэлбэл анхдагч, хоёрдогч үнэт цаас, санхүүгийн баялаг байгаа. Энэ нь ихэвчлэн хөгжингүй орнуудад элбэг тохиолддог бодит эдийн засгаас 10-12 дахин их хэмжээтэй  нэг төрлийн “өвчин” юм.
 
Үнэн хэрэгтээ бодит эдийн засаг өсөж байвал дийлэнх олонхийн  амьжиргаа сайн байна харин “хөөс” эдийн засаг өсөлттэй байвал хий хоосон “хөөс” үүсч эдийн засгийг өсч байгаа мэт төөрөгдөлд оруулдаг.

Иймд эдийн засаг, менежментийн ухааны өнгөрсөн үеийн онол, номлол, ойлголтоос үүдэлтэй сэтгэлгээний өнөөгийн зонхилох хэв маягийг халахын тулд эрдэмтэд, судлаачид, бид  хамтарч ажиллах хэрэгтэй.

Өнөөгийн ертөнцийн бас нэг чухал онцлог шинж нь юмс үзэгдлийн, бизнесийн болон бусад аливаа байгууллага, төр засгийн үйл ажиллагааны харилцан хамаарал улам бүр хүчтэй болж байгаа явдал юм. Үүний учир шалтгаан нь дэлхийн хүн амын өсөлт, техник технологийн дэвшил, энэ бүгдээс үүдэлтэй хүрээлэн буй орчны асуудал, даяаршлын сөрөг талууд, бүтцийн өөрчлөлт, хүчний хуваарилалт гээд дэлхий ертөнц нарийн уялдаа холбоо бүхий цогц систем болон хөгжиж байгаатай холбоотой.

Энэ бүгдээс үүдэн ирээдүйгээ төсөөлөн харвал нэг хэсэг нь дэлхийн хэмжээний хямрал, сүйрэл, дайн тулаан, үгүйрэл хоосрол, өлсгөлөн өвчлөл ихсэнэ гэсэн бараан төсөөлөлтэй байна. Нэг талаас, айдас хүйдэс, бараан дүр төрх харагдаж байгаа ч нөгөө талаасаа соёлт, ухаант хүн төрөлхтний эрүүл саруул хүчин үүнийг даван туулж чадна.

Манай бизнес эрхлэгчид бизнесээ хэрхэн амжилтанд хүргэх вэ гэж өдрийн бодол, шөнийн зүүд болж яваа нь мэдээж. Та бизнесээ амжилтанд хүргэж чадна. Энэ бол зөвхөн таны сэтгэлгээний хэв маягаас хамаарна.

Сэтгэлгээний ямар хэв маяг таныг амжилтанд хүргэх вэ? Эдийн засаг, бизнесийн удирдлагын ухаанд нөөц баялаг буюу ресурс ховор хомс хязгаарлагдмал гэсэн урьдач нөхцлийг авдаг. Нөгөө талд нь хэрэгцээ хязгааргүй. Тиймээс зах зээл л нууц гараараа сайн зохицуулж энэ асуудлыг шийднэ гэж үздэг. Хаа сайгүй ингэж номлож, түүндээ итгэж үнэмшсэн орон бүхний “эдийн засгийн хүмүүсийн” сэтгэл зүрхэнд яаж өрсөх вэ? яаж өрсөлдөх вэ? гэдэг үзэд бодол, ухамсар шингэн, түүнийхээ дагуу л үйлдэл хийдэг. Ховор юмнаас хоосон хоцрох бий гэсэн айдас, түгшүүр, хардлага. Үүнээс ангижрах ганц арга нь ховор, хомс нөөц баялгийн хувиарлалтанд оролцох эрх мэдэл, тэр нь ч бас хомс. Үүний үр дүнд байнгын мөргөлдөөн, сөргөлдөөн, тулаан, дайн дажин, байгаль дэлхийгээ цөлмөн эцэстээ өөрсдийгөө сүйрлийн ирмэгт хүргэсэн.

Өнгөрсөн үеийн онол, номлол, ойлголтоор сэтгэлгээ нь төлөвшсөн бизнес эрхлэгчид бизнесээ амжилтанд хүргэх арга замаа буюу стратегиа ихэнх тохиолдолд “ялан дийлэх арга ухаан, ялан дийлэх урлаг” гэж дийлэнхи нь үзсээр л байна. Ер нь л ер бусын, нууцлаг, хосгүй удирдагчаас гарах ид шийдийн мэт ялан дийлэх ур ухаан, ямар ч үнээр хамаагүй ялах дийлэх” гэх мэтээр бодож төсөөлдөг. Тиймээс л өрсөлдөх, өрсөөлдөөний стратеги, өрсөлдөөний давуу тал, өрсөлдөх чадвар гэдэгт чухал ч холбогдол өгсөөр байна. Энэ нь олонхи тохиолдолд байршил ба эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн, эрх мэдэлд үйлчлэх, эрх мэдэлтний эрх ашгийг хамгаалахын төлөөх өрсөлдөөн болон хувирна.

Ийм хатуу ширүүн өрсөлдөөнд орсон бол харилцагч, хамтрагч, хэрэглэгч, ажилтан ажиллагсад, олон нийтийн эрх ашгийг бус зөвхөн өөрийн эрх ашгийг урьтал болгох тул сайн засаглал гэдэг бол бодит байдалд хэзээ ч бий болохгүй, хоосон мөрөөдөл гэж үзнэ. Харин ч эрх мэдэлтэнд үйлчлэх засаглал бодитойгоор оршин байгаа биз дээ гэж ам асууна. Гэхдээ л олон түмэн, хэрэглэгч, харилцагч, ажиллагсадын хазаарлах хүчний өмнө хүчин мөхөстөх тул “нийгмийн хариуцлагатай” болон дүр эсгэж, нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө үл хайрлагч буянтай үйлстэн болж өнгөлөн далдлалт хийнэ. Энэндээ тохируулж хэвлэл мэдээлэл, олон нийтийн байгууллагуудыг худалдан авч, хар пиарын зохиомжыг бүр сүрхий ашигладаг. Үүнийгээ бүр эерэг имидж бүрдүүлэх маркетинг, пиарын стратеги, удирдахуйн ухааны нэг арга техник гэх нь холгүй өөрийгөө зөвтгөнө.

Түүний дараагийн шат нь төр засгийн өндөрлөг өөд авирах, төрийн хүчний байгууллагаар хамгаалуулах, түүний тулд улс төрийн намуудад шургалан тэмцэлдэнэ, самууруулна. Тэр хирээр хүзүүн дэх олсны ороолт нь нэмэгдэж чангарсаар. Залуу бизнес эрхлэгчдын маань зарим нь ханцуй шамлан орж байна, үүнийгээ амжилтанд хүргэх арга энэ л байна гэж сохроор зүтгэж бас өөрсдөө шоглуулна.

Энэ бүхний үр дүнд нийтийг хамарсан бухимдал, цөхрөл, авилгал, хүчирхийлэл, хүнлэг бус үйлдэл, гэмт хэргийн гааралт, хагарал, эв түнжингүй хагарч бутрах, гадны есөн бүрийн луйварчдын занганд орсоор.

Энэ яавч бидний явах зам бишээ. Бизнесээ ингэж хэзээ ч амжилтанд хүргэхгүй, нэг удаа амжилтанд хүрсэн мэт, цөм цөм ашиг хийсэн мэт боловч энэ бол дампуурлын эхлэл.

Яагаад ийм болов гэж буруутан хайхын оронд яавал ийм сэтгэлгээ, санаа бодлооос ангижрах вэ? Энд ямар нэг шинжлэх ухааны үндэслэлтэй тайлбар байна уу?
20 магадгүй хэдэн мянган зууны турш хүн төрөлхтний бүтээж бий болгосон, өнөөгийн даяарчлагдсан дэлхий ертөнцийн бүтээж бий болгох чадавхи, хуримтлуулсан мэдлэг чадвар, түүнийг тээгч шинэ үеийнхэн улам бүр олшрохын хирээр нөөц, баялаг ховор хомс, хязгаарлагдмал биш болсон. Нөөц, баялгыг бүтээн бий болгох боломж хязгааргүй их болсон. Ямар ч байсан бид интернетийн ачаар цаг хугацаа, орон зайн хязгаарлалтыг давж чадаад, үр шимийг нь хүртээд яваа. Нийт хүн төрөлхтний хувьд нөөц, баялаг хязгаартай хэвээрээ шүү гэж маргах байхаа. Тиймээ, тэгэхдээ нэг орны хувьд, монгол улсынхаа хувьд л, илүү прагматикаар бодъёо. Монгол улс хөгжлийн шинэ үе шатныхаа гараан дээр ирлээ гэдэг бидний монголчуудын өмнө хязгааргүй их боломжийг нээж өгч байгаа юм бишүү.

Нэг улс орон, нэг байгууллагын хувьд хязгааргүй их боломж нээлттэй байгаа юм бол хоосон хоцрох бий гэсэн айдас, түгшүүр, хардлага алга болно. Эрх мэдлийн төлөөх тэмцэл ч утга учраа алдана.

Хязгааргүй их боломжийг чинээнд нь хүртэл ашиглахын тулд харилцан ашигтайгаар хамтран ажиллах, түншлэх л арга зам ямар ч бизнесийг амжилтанд хүргэх арга зам болон дурайн харагдаж, төсөөлөгдөж байвал та шинээр сэтгэж эхэллээ гэсэн үг. Энэ бол таны амжилтын баталгаа болно.

Хоосон хоцрох бий гэдэг айдас хүйдэсгүй, бизнесээ амжилтанд хүргэх ямар арга зам байна, ямар стратеги байна гээд амар тайван бодъёо. Өрсөлдөн тэмцэлдэх хэрэггүй. Өрсөлдөгчөө хараад юу хийхийг харж дуурайх, эсвэл өрсөх гэж битгий бачимд.
Чамд ашиг өгөх хүн чинь чиний хэрэглэгч. Түүн лүүгээ л анхааралтай хар, хүсэл сонирхлыг нь, чамаас юу хүлээж байгааг нь, ямар хэрэгцээт чанарыг хүлээж байгааг нь олж мэдээд, тэр хүссэнийг нь хийж өг. Хэрэглэгчид чинь ач тустай бол тэр худалдаж авна. Хэрэглэгчидэд хэрэгцээт чанар, үнэ цэнийг бүтээж өгч сэтгэл хангалуун болгосон, түүнийг бүтээлцсэн бүх оролцогчиддоо хувь оролцоонд нь тохируулан орлого ашгаа хуваа.

Хөрөнгө оруулагч, эзэн танд нэгж бараа үйлчилгээний орлого ашгаас ногдож байгаа хувь хэмжээ чамлалттай бол, тэгээд нэгж тутмаас өөрт ногдох хувь хэмжээгээ ихэсгээд эхэлбэл бусдад, хэрэглэгчид, харилцагчид, түншүүдэд чинь, ажиллагсадад чинь очих ашиг багасгаар тэд таныг орхин явна. Тэд наргүйгээр та ашиг орлого олж чадахгүй, та итгэл даах бизнесмен биш болно. 

Харин нэгж бараа үйлчилгээ тутмаас өөрт ногдох ашигаа багасгаад, бусдад очихыг нь шудрага оролцоо хувь нэмэрт нь тохируулан ихэсгээд байвал таны хэрэглэгч, харилцагч, түнш, чадварлаг ажилтнууд чинь олшроод л байна. Эндээс таны олох ашиг нийт дүнгээрээ нэмэгдээд, бүгдээрээ харилцан ашигтай ажиллана. Зах зээл орон зайн хувьд хязгааргүй гэж үзэж болохоор болсон тул өргөжилтийн хэмнэлтийн хууль таныг ивээх болно.

Энэ бол таны бизнесээ амжилтанд хүргэх арга зам, бизнесийн чинь стратегийн гуйвашгүй зарчим нь байх ёстой. Өрсөлдөх стратеги биш, хэрэглэгч үйлчлүүлэгчийнхээ сэтгэл зүрхийг, хайр хүндлэлийг булаах стратеги л таныг амжилтанд хүргэнэ. Ялан дийлэх биш, нууцлаг ер бусын биш амьдралын энгийн үнэнд суурилсан ийм л стратегийг манай монгол бизнесменүүд бахдалтайгаар баримтлаасай.

Энэ стратегиа хэрэгжүүлэхийн тулд байгууллагынхаа засаглалыг хөгжүүлж байж л энэ бүх амжилт биеллээ олно.
Байгууллагын засаглал гэдэг нь  тухайн байгууллагын хөрөнгө оруулагч, Төлөөлөн удирдах зөвлөл, Гүйцэтгэх удирдлага хороондын харилцаа, хамтын ажиллагаа уялдаа холбоо сайн, оролцоо ил тод байдал, хариуцлагатай байх зарчимд  тулгуурласан удирдлагын арга.
 
Харин “Corporate governance”  буюу “Хамтын засаглал”-ыг хөгжүүлснээр байгууллагууд маань хөгжиж улс орны маань бодит эдийн засаг өснө гэсэн үг. Өөрөөр хэлбэл танай байгууллагын дээд удирдлагад хэрэглэгч, харилцагч, түншлэгч, хөрөнгө оруулагч, ажилтнууд, олон нийт, мэргэшсэн шинжээчид, болон хөрөнгө оруулагчдын тэнцвэртэй төлөөлөл, оролцоо бүхий удирдлагатайгаар ажил хэргээ ил тод, тооцоотой, хариуцлагатай, шудрагаар явуулж хэвшүүлбэл сайн засаглал төлөвшлөө гэсэн үг.
 
Мэдээллийн технологийн хөгжил энэ бүгдийг хийх хялбархан арга хувилбаруудыг аль хэдийнээ бий болгосон. Сайн засаглалтай газар луу шилдэг нь тэмүүлж, харилцан ашигтайгаар хамтрагч талууд бие биенээ дэмжин, тэр нь эрчлэгдсээр өөдлөн дэвших дотоод унтаршгүй хүчирхэг хөдөлгүүр ажиллаж эхэлнэ.Ийм байгууллагуудыг олон түмэн, ер нь хэн ч ямар ч өнгө будаг, элдэв өргөмжлөл, нэр хаяггүйгээр, магтаал сайшаалгүйгээр хүндлэн хайрладаг юм. 

Байгууллагын сайн засаглалтай, Нийгмийн сайн сайхан байдлын төлөө үйл ажиллагаа явуулдаг, улс орны хөгжлийг хойш нь татаж байгаа,  болохгүй байгаа асуудлыг гаргаж ирж  шийдвэрлэх санал санаачлага гаргадаг, сэтгэл зүтгэл анхаарал тавьж ажилладаг, байгаль орчноо хамгаалдаг, хэрэглэгчдээ дээдлэдэг, ажиллагчид, хөрөнгө оруулагчдын ашиг сонирхлыг хангадаг, түншүүдээ хүндэтгэдэг, ил тод байдал, шудрага тайлагнал бүхий ийм байгууллагуудыг л нийгмийн хариуцлагатай байгууллага гэж нэрлэдэг билээ. 

Ийм байгууллагууд л монгол орныг хүчирхэг, бие даасан, хангалуун амар тайван улс болгон хувиргах учиртай.
Гэтэл өнөөдөр байгууллагууд маань урт хугацаан дахь тогтвортой байдал, өсөлтийг хэрэгсэхгүй өнөөгийн ашиг хонжоог гол болгосноос шалтгаалан нийгмийн хариуцлагагүй байдал газар авсаар улс орон байгаль дэлхий гарз хохирол амссаар. Эндээс зөвхөн хоёрхон жишээ дурдахад сүүлийн  10 жилийн хугацаанд ажилгүйдлийн түвшин 3 дахин өсч, гадаргын усны 30-аад хувь нь ширгэж үгүй болжээ.

Монгол улсын статистикийн эмхтгэл /1989-2010/
Эцэст нь дүгнэхэд: Бизнесийг амжилтанд хүргэх арга зам бол хэрэглэгчийнхээ сэтгэл ханамжийг ихэсгэх стратеги байх хэрэгтэй бөгөөд үүнийг оролцогч бүх талуудын хамтын ажиллагаанд тулгуурлан, тэдэнд ашигтай байхуйцаар зохион байгуулж байж л хэрэгжүүлнэ. Энэ бол сайн засаглалыг байгууллагадаа төлөвшүүл гэсэн үг. Засаглал гэдэг үгнээс эрх мэдэл, засаг захирах гэсэн санаа сонсогдох ёсгүй. 

Засаглал гэдэг үгийг төлөөлөн оролцож засаж сайжруулах гэдэг анхдагч утгаас нь эхлэн ойлго. Оролцогч бүх талын эрх ашиг тэнцвэртэйгээр хамгаалагдах механизмыг бүрдүүлж, ажиллуулж байж бие биенээ дэмжиж эрчлэгдэх хүчээр байнга цэнэглэгдэж бизнес амжилтаа баталгаажуулсаар байх болно. Үүнтэй хамт аливаа байгууллагын нийгмийн өмнө хүлээх хариуцлага биеллээ олж, урт хугацаанд оршин тогтнож хөгжих уг сурвалж нь бүрэлдэнэ. Энэ байгууллагад ажиллагсадын амьдрал нь ч гэсэн утга учиртай болох тул хөгжлийн, амжилтийн зогсолтгүй хөдөлгүүр ажилласаар л байх болно. 

Үүнийг манай шинэлэг сэтгэлгээтэй бизнес эрхлэгчид оройлон хийж чадна гэдэгт би лав хувьдаа итгэж байна.     

Эх сурвалж: Монголын Хүний нөөцийн институтийн HUMAN CAPITAL сэтгүүл


КОМПАНИЙН СТРАТЕГИ, ЗАСАГЛАЛ БА ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТИЙН ШҮТЭЛЦЭЭ
Хүний нөөцийн удирдлагын ахисан шатны сургалт - 70001075 | 80001075 | 90001075
Танд энэхүү мэдээлэл таалагдаж байвал Like дараарай!
Сэтгэгдэл бичих
- 2023 / 03 / 06
Амжилттай яваа хүмүүс, дундаж түвшнийхэн хоёрын хооронд ямар ямар сэтгэлгээний зөрүү байдаг талаар өнөөдөр танилцуулъя. Энэ л сэтгэлгээ сонирхогч (amateur), мэргэжилтэн (professional) хоёрын ялгаа болдог гэхэд буруудахгүй юм.
Компанийг удирдлага менежментээр хангаж, хяналт хэрэгжүүлэхэд мөрдлөгө болгох цогц vйл ажиллагаа гэж товчоор хэлэх аж. Компанийн засаглал нь компани зорилгодоо хүрэх хариуцлагыг ТУЗ-д хүлээлгэж, компани өөрөө хууль журамд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг баталгажуулна.
- 2021 / 07 / 20
Хувь нийлүүлэгчдийн эрх ашиг, тэдгээртэй адил тэгш харьцах зарчим, мэдээллийн ил тод байдал, компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн үүрэг хариуцлагын тогтолцоо болон компанийн удирдлагын зүй зохистой бүтэц суурийг бүрдүүлэх гэсэн гол зарчимд компанийн засаглал тулгуурладаг.
- 2021 / 06 / 25
HR Фото